Монгол улс дахь хүчирхийллийн статистик тоон мэдээ
Үндэсний Статистикийн Хорооноос 2017 онд улсын хэмжээний “Жендэрт суурилсан хүчирхийллийн түүвэр судалгаа”-г хийсэн. Судалгааны дүнгээр МУ-д гурван эмэгтэй тутмын нэг (31.2%) нь амьдралынхаа туршид бие махбодын болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн байна. Гэр бүлийн хүрээнд тухайлбал, нөхөр/хамтрагчийн зүгээс 10 эмэгтэйн 6 нь (57.9%) амьдралынхаа туршид хүчирхийлэлд өртсөн. Эдгээр эмэгтэйчүүдийн 4 хүн тутмын 1 нь (26.5%) хэн нэгэнд хандаж, хэлж байгаагүй байна.
Сүүлийн үеийн статистик мэдээллүүдийг авч үзвэл гэр бүлийн хүчирхийллийн холбоотой гэмт хэрэг болон зөрчлийн тоо өссөн үзүүлэлттэй байна. Тухайлбал
2019 онд гэр бүлийн хүчирхийллийн холбоотой 985 гэмт хэрэг бүртгэгдэж байсан бол 2020 онд 1138 болж, өмнөх оноос 153 хэргээр буюу 15.5 хувиар өссөн. Гэр бүлийн хүрээнд хүний эрүүл мэндийн эсрэг болон хүчиндэх гэмт хэргүүд өсжээ. Тухайлбал, 2020 онд гэр бүлийн хүчирхийллийн улмаас 18 хүн амиа алдаж, 953 хүн гэмтэж, иргэдэд 928.3 сая төгрөгийн хохирол учирсан байна. Үүнийг өмнөх онтой харьцуулбал нас барсан хүн 2.3 дахин, гэмтсэн хүн 30.2 хувь, учирсан хохирол 54.7 хувиар өсжээ.
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх зөрчил 2019 онд 8,962 бүртгэгдэж байсан бол 2020 онд 10,306 болж 14.9 хувиар өссөн үзүүлэлттэй байна.