НҮБ-ын хүн амын сан, Монгол улсын Засгийн газар хамтран, “Швэйцарийн хөгжлийн агентлаг”ийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь” 2-р шатны үйл ажиллагааны хүрээнд "Нэг цэгийн үйлчилгээний төвүүд" болон "Түр хамгаалах байруудад" 95,3 сая төгрөг бүхий хамгаалах хэрэгсэлийг хүлээлгэн өглөө. Хамгаалах хэрэгсэл гардуулах үйл ажиллагаа 2021 оны 4-р сарын 6-ны өдөр болсон бөгөөд ХЗДХЯ-нд, НҮБ-ын хүн сангийн Монгол дахь тэргүүн Каори Ишикава албан ёсоор хүлээлгэн өглөө.
Ковид-19 цар тахал эрчимжиж буй эдгээр өдрүүдэд хүчирхийллийн хохирогчдыг хамгаалах нэг цэгийн үйлчилгээний төвүүд, түр хамгаалах байруудын үйл ажиллагааг тогтвортой явуулж, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахих нь нэн чухал болоод байна. “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь” 2-р шатны үйл ажиллагааны хүрээнд хүлээлгэн өгч буй хамгаалах хэрэгсэлд, мэс заслын маск, комбинзон, Н95 маск, нүдний шил, нүүрний хаалт, бээлий, гар ариутгагч зэрэг хувийн хамгаалах хэрэгслүүд бүрэн багтсан.
Энэхүү хамгаалах хэрэгслүүдийг Улс орон даяар байрлаж буй нийт 17 нэг цэгийн үйлчилгээний төв, 15 түр хамгаалах байр хүлээн авч, Ковид-19 цар тахлын хүнд үед халдвар хамгааллын дэглэмээ сахих өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглах боломжтой болох юм.